Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмарын 2026 оны 1 сарын 14-ний өдөр батлагдсан тушаалаар ХУД-ийн 20-р хорооны нутагт байрлах “Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн, хөрсний бохирдлыг нөхөн сэргээх аргачлал, суурь судалгааг боловсруулах” чиглэлийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж “Эртэч Наран” компани тодорсон.

Тус компани өнөөдөр судалгааныхаа эхний ээлжийн хэлэлцүүлгийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркт зохион байгууллаа. Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн салбар, арьс ширний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд 90 гаруй жилийн түүхтэй бөгөөд өнөөдрийн байдлаар ХУД-ийн 20-р хорооны бүсэд нийтдээ 30.27 га газрыг хамарсан 28 арьс шир боловсруулах, 3 ноос боловсруулах гээд 31 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Хэдийгээр арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркруу нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа боловч эргээд тус хэсгийг дахин төлөвлөхөд эхний ээлжинд хөрс, усны бохирдлыг нэн даруй хоргүйжүүлэх, нөхөн сэргээх шаардлагатай байгаа юм.

Судлаач эрдэмтдийн үзэж байгаагаар Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн тодорхой хэсэгт үйлдвэрүүдийн ихээр хэрэглэдэг хромын бохирдол хөрсөнд зөвшөөрөгдөх хэмжээнээс 71 дахин их байгааг тогтоосон.
Энэ нь цаашлаад иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй учраас Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас санаачлан Арьс шиний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсний дараах дахин төлөвлөлтийг тооцоолохоос гадна эхний ээлжинд хөрсний бохирдлыг судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр ажлын явц болон нэмэлт саналуудыг тусгасан бол дараагийн уулзалтууд ХУД-ийн 20-р хороонд оршин суух иргэдийн төлөөлөл, яам, төрийн агентлагууд, эрдэмтэн судлаачдыг хамруулсан өргөн бүрэлдэхүүнтэй болохоор тогтлоо.









Discussion about this post